images

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2023-05-08

800

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Улмаар  Монгол Улсын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох хандлага нэмэгдэж байгаа БНХАУ-д зорчиж буй нийт иргэдэд нийтлэг тулгарч байгаа дараах зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. 

1.    БНХАУ-ын хилээр нэг хүн 20,000 юань дүн бүхий бэлэн мөнгө авч нэвтрэх боломжтой бөгөөд үүнээс их хэмжээгээр нэвтрүүлэх тохиолдолд гаальд мэдүүлэх үүрэгтэй. Эс бөгөөс холбогдох хуулийн дагуу гаалийн байгууллагаас нийт мөнгөн дүнгийн 10 хувиар бодож торгууль ногдуулна. 

2.    Улсын хилээр нэвтрэхээсээ өмнө “цүнх” ээ шалгаж, хязгаарласан болон хоргилсон бараа байгаа эсэхийг нягтлаагүйгээс санамсаргүйгээр галт сум, ан амьтны гаралтай зэрэг хориглосон эд зүйлийг нэвтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байгааг анхаарах. 

3.    БНХАУ-аас эд зүйлс худалдан авахдаа ямар нэгэн гэрээ байгуулж бичгээр баталгаажуулаагүйгээс хохирогч болох байдал сүүлийн үед ихээр гарч байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тус улсын нийлүүлэгчтэй дараах 3 зүйлийг тусгасан гэрээг бичгээр байгуулах шаардлагатай. 

•    Гэрээ байгуулж буй хариуцагч талын аж ахуй нэгжийн гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэх, хаяг, утасны дугаар зэрэг албан ёсны бүрэн гүйцэт мэдээлэл /зарим иргэд тогтсон хаяган дээрээ байдаггүйг анхаарах/
•    Худалдан авч буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, марк
•    Бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл.

4.    Монгол Улсын иргэд гадаад паспортаар БНХАУ-д 30 хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 14 хоног баривчлах, хэтрүүлсэн хоног бүрт 500 юаниар торгох хариуцлага ногдуулдаг ба хайхрамжгүйгээсээ болж хугацаа хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж буй иргэд тухайн эмнэлгээс тодорхойлолт авч, хугацаа хэтрэхээс өмнө харьяа газрын Гадаадын харьяатын газарт оршин суух виз мэдүүлэх шаардлагатайг онцгой анхаарах. 

5.    БНХАУ-ын үйлчилгээний байгууллагууд цахимжиж, хяналтын камерын нүүр царай таних системийг эрчимтэй нэвтрүүлж буй бөгөөд техник технологийн дэвшлийг ашиглан гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулаад байгаа. Иймд тус улсад гэмт хэрэг үйлдэх, түүнчлэн хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол манай улсын иргэдийн дунд түгээмэл байгааг анхаарах. 

6.    Тус улсад зорчиж буй зарим иргэд өндөр градустай архийг хэтрүүлэн хэрэглэснээс эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул зохистой хэрэглэхийг уриалах зэрэг болно.

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР