images

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ШАНХАЙ ХОТЫН НАМЫН ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ, ХОТЫН ДАРГА ГУН ЖӨНТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-11-10

311

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын 6 дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр Хятадын Коммунист намын Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч, Хотын дарга Гун Жөнтэй уулзаж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Түүнчлэн 2024 онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож буйтай холбогдуулан хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас эх орны нийслэл Улаанбаатар хотыг БНХАУ-ын төв Засгийн газрын харьяа Бээжин, Шанхай, Тяньжин, Чунчин хотуудтай идэвхтэй харилцахад онцгой ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, Улаанбаатар хотыг Шанхай хоттой шууд харилцах чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллах санал дэвшүүлэв.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүр зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн форум”-д Шанхай хот болон бүс нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг эрчимжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод Шанхайн соёлын өдрүүд зохион байгуулж, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтарч ажиллах нь зүйтэй болохыг онцлов.

Хятадын коммунист намын Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч, Хотын дарга Гун Жөн-ий зүгээс Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ажил хэрэгч, бодит саналуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР