images

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШАНХАЙ ХОТЫН ХУАДУН УЛС ТӨР, ХУУЛИЙН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-11-10

278

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Хуадун Улс төр, хуулийн их сургуулийн оюутнуудад “Монгол Улсын гадаад бодлого ба олон улсын эрх зүйн хамтын ажиллагаа” сэдэвт илтгэл тавив.


Энэ үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Хуадун Улс төр, хуулийн их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Ерөнхий захирал Е Чинтэй уулзаж, Монгол Улсын олон улсын гэрээ, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын албан хаагчдыг Хуадун Улс төр, хуулийн их сургуулиас тогтмол зохион байгуулдаг Төрийн удирдлага, олон улсын гэрээ эрх зүйн чиглэлийн богино хугацааны сургалтад оролцуулах, дээд боловсролын байгууллага, судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, манай улсын оюутнуудад тэтгэлэг олгож буй тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.


71 жилийн түүхтэй 120000 гаруй төгсөгчидтэй Хуадун Улс төр, хуулийн их сургууль нь 750,000 гаруй квадрат метр талбай бүхий Сунжян, Чаннин, Пүтуо гэсэн гурван хотхонд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 21 салбар сургууль, 180 гаруй эрдэм шинжилгээний байгууллага,1300 гаруй багш, захиргааны ажилтан ажилладаг.

Үүнээс үндсэн 900 багшийн 400 гаруй нь мэргэжлийн болон техникийн ахлах багш байдаг гэнэ. Түүнчлэн 18000 гаруй оюутан эрх зүй, төрийн удирдлага, хэрэглээний эдийн засаг, улс төр, марксист онол, соцpиологи, гадаад хэл, утга зохиол, сэтгүүл зүй, харилцаа холбоо, нягтлан бодох бүртгэл зэрэг 25 төрлийн мэргэжлээр бакалавр, магистр болон докторын зэрэгт суралцдаг. Одоогийн байдлаар манай улсын 47 оюутан энэхүү сургуульд суралцаж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР