images

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДЭД ДАРГА ЛИ ГУОЧИНТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-13

162

Ерөнхий консул Д.Болд “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн”-гийн зохион байгуулах хорооны дэд дарга Ли Гуочин-тэй 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, энэ жилийн 11 дүгээр сард Шанхай хотноо зохион байгуулах VII удаагийн олон улсын импортын үзэсгэлэнд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд 2023 оны VI удаагийн олон улсын импортын үзэсгэлэнд Монгол Улсын 20 гаруй аж ахуйн нэгжийг урьж улсын павильон тохижуулж оролцоход дэмжлэг үзүүлсэн зохион байгуулах хорооны хамт олонд талархал илэрхийлж, энэ жил монголын талаас дахин идэвхтэй оролцохоор төлөвлөж буйг танилцуулж, хамтран бэлтгэл хангах санал дэвшүүлэв.

Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дэд дарга Ли Гуочины зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд уламжлал ёсоор Шанхай хотноо зохион байгуулах VII удаагийн олон улсын импортын үзэсгэлэнд монголын талын аж ахуйн нэгж, төр засгийн төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулахад шаардлагатай бүхий л туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн талууд Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн агуулга, ач холбогдлыг Монгол Улсад сурталчлах, манай улсын ААН-үүдийг өргөнөөр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг 2025 онд хамтран зохион байгуулахаар санал нэгдэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий санаачилгаар 2018 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулдаг Хятадын олон улсын импортын үзэсгэлэн нь энэ жил 7 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-д гадаад улсын импортыг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж, дэлхийн 154 улс орон, бус нутгийн 3,400 гаруй аж ахуйн нэгж болон Fortune шилдэг 500 аж ахуйн нэгж жагсаалтад тэргүүлдэг 300 гаруй компани тогтмол оролцож, өргөн цар хүрээг хамардаг онцлогтой үзэсгэлэн болно.