images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ЖЯНСҮ МУЖИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭД ДАРГА ЖЯН ШИНЬ-ТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-23

202

Жянсү мужийн Наньжин хотод 2024 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд болж буй “Наньжин алтан намар, худалдаа, эдийн засгийн форум - 2024”-т зохион байгуулагч талын урилгаар Ерөнхий консул Д.Болд оролцож байна.
Тэрээр форумд оролцох үедээ 9 дүгээр сарын 23-ны өдөр Жянсү мужийн Худалдааны танхимын дэд дарга Жян Шинь-тэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр дэд дарга Жян Шинь-ий зүгээс БНХАУ-ын Жянсү мужийн 31 аж ахуйн нэгж Монгол Улсад 210 сая ам.долларын хөрөнгө оруулж, амжилттай ажиллаж буйг дурдаж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд өргөн боломж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. 
Ерөнхий консул Д.Болдын зүгээс Монгол Улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Монголын Эдийн засгийн форум”-д Жянсү мужийн аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулахыг урьж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулж, талууд харилцан хөрөнгө оруулалт татах боломж буйг онцолж, энэ хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.