images

КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ БНХАУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДЭД ДАРГА ЖАН СЯОМИН-ТАЙ БЭЭЖИН ХОТНОО УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-12-09

235

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Бээжин хотноо БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жан Сяоминтай уулзаж, хоёр улсын хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний дагуу БНХАУ-д ял эдэлж байгаа монгол иргэдийг шилжүүлэн авах асуудлаар ярилцлаа.

Уулзалтаар Монгол, Хятадын ХЗЯ-д болон хууль сахиулах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа ба хятадын тал хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн хятадын талаас ялтан шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлэхдээ өндөр настай болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хүмүүнлэгийн үүднээс тэргүүн ээлжинд шийдвэрлэх боломжтойг илэрхийлэв.

Монгол, Хятадын хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээ нь 2014 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 12 ялтанг эх оронд нь шилжүүлэн авсан болно.