images

БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн талаар иргэдэд хүргэх мэдээлэл

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-21

134

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод гарсан шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас уушигны хатгаа өвчин илрээд байна. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 224 хүн халдвар авсан байх магадлалтай гэж бүртгэгдсэнээс 217 нь шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон бөгөөд уг өвчнөөр 3 хүн нас барсан байна. Мөн өдрийн байдлаар Үхань хотод 217 хүн, Бээжин хотод 5 хүн, Гуандун мужид 14 хүн халдвар авсан гэж бүртгэгдээд байна. Мөн энэ өвчинтэй адил шинж тэмдэгтэй 7 тохиолдол бүртгэгдээд байгаагаас Сычюань мужид 2, Юньнань мужид 1, Шаньдун мужид 1, Шанхай хотод 2, Гуанши Жуаны ӨЗО-нд 1 илэрсэн байна. Гадаад улсад бүртгэгдсэн тухайн өвчний тохиолдол Японд 1, Тайландад 2, Өмнөд Солонгост 1 байна. 
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг гаргасан байна. Үүнд: 1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх; 
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх; 
3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх; 
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх; 
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх; 
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх; 
7. Түүхий ус уухгүй байх; 
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх; 
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх; 
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх; 
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх; 
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх; 
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх; 
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.