images

ШИНЭ КОРОНАВИРУСЫН ( COVID-19) ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР ГАДААД ИРГЭДЭД НЭМЭЛТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР ШАНХАЙ ХОТЫН ХИЛЭЭР ОРОХ ГАРАХЫГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГОРИМД ШИЛЖИВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-02-19

132

“Fast-track” Шуурхай үйлчилгээ горим 
Шанхай хотын Хилээр орох гарахыг зохицуулах газар нь шинэ коронавирусын ( Covid-19) тархалттай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан гадаад иргэдэд үйлчлэх шуурхай үйлчилгээний горимд шилсэн бөгөөд 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 400 гаруй виз олгосон байна. Гадаадын хөрөнгө оруулалттай болон гадны иргэдийг ажиллуулж буй компаниуд коронавирусын дэгдэлтээс болж гэрээгээ эрт цуцлах, виз, оршин суух зөвшөөрөл нь дуусгавар болсоноос тулгамдсан байдалд орсон тохиолдлууд багагүй гарч байгаа тул тэдний хүсэлт, өргөдлийг үндэслэн нэмэлт сарын виз өгч байна. Урьд нь виз, оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа гадаад иргэд өөрийн биеэр очиж үйлчлүүлэх шаардлагатай байсан бол олон тооны гадаад ажилтантай их, дээд сургууль болон компаниуд ажилчдынхаа өмнөөс өргөдөл гаргах боломж олгожээ. 

Хугацаа хэтрүүлсэний торгуулиас чөлөөлөх 
Коронавирусын тархалтын эсрэг авч буй арга хэмжээний улмаас виз, оршин суух зөвшөөрлөө цаг тухайд нь сунгуулж чадаагүй иргэдийг хүгацаа хэтрүүлсэн торгуулиас хөнгөлөх боломжтой гэж тус газар мэдэгдлээ. Шанхай хотын Хилээр орох гарахыг зохицуулах газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Жиа Лин Бо хэлэхдээ нислэг цуцлагдсан, гэрийн хорио цээрээс болж гарах боломжгүй болсон, дотоодын тээврийн хэрэгслийн хомсдолоос цаг алдсан гэх мэт зайлшгүй шалтгааныг харгалзан үзэж дээрхи шийдвэрийг гаргана гэдгийг онцоллоо. 
“Байгууллагынх нь үйл ажиллагаа эхлээгүй, холбогдох бичиг баримтаа авч чадаагүйгээс зарим хүмүүс виз, оршин суух зөвшөөрлөө цаг тухайд нь сунгаж чадаагүй тохиолдолд гарч байна, үүнийг өргөдөл гаргагчийн хүсэлтийг үндэслэн торгуулиас чөлөөлж болно” гэж тэрбээр нэмж хэлэв. Гэрийн хорио цээрийн улмаас виз, оршин суух зөвшөөрлөө хэтрүүлсэн гадаадын иргэд орон сууцны хороолол,тухайн хорооноос гаргасан хорио цээрийн шийдвэрийг хавсарган өргөдөл гаргаж баталгаажуулах шаардлагатай гэв. 

Оршин суугч бүртгэлээ гэрээсээ хийж болно 
Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Шанхай хотод ирсэн гадаадын иргэд цагдаагийн газарт биечлэн очиж бүртгүүлэхийн оронд оршин суугаа газраасаа онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон байна. БНХАУ-ын холбогдох хуульд зааснаар хилийн чанадаас ирсэн иргэд 24 цагийн дотор тухайн оршин суух газраа бүртгүүлэх ёстой байдаг. Одоогийн байдлаар 30,000 гаруй хүн оршин суугаа газраа ийм байдлаар бүртгүүлээд байгаа тухай Хилээр орох гарахыг зохицуулах газар мэдээлэв. Хүмүүс өгөгдсөн QR кодыг гар утсаараа скан хийх эсвэл https://crjzndg.gaj.sh.gov.cn/24hr сайтруу нэвтэрч бүртгүүлэх боломжтой юм байна. Одоогийн байдлаар энэхүү функцийг зөвхөн Хятад, Англи хэл дээр ашиглах боломжтой ч энэ оны сүүлээр Япон, Солонгос хувилбаруудыг нэвтрүүлэх ажээ. 

Гадаадын иргэдэд үйлчлэх 24/7 дугаарын шуурхай утас ажиллаж байна 
Тус хотод гадаадын иргэдэд үйлчлэх 52 цэг ажиллаж, вирусын халдвартай холбоотой мэдээллийг түгээхээс гадна маск худалдаж авах бүртгэлийг давхар хийж байна. Мөн хилээр орох гарахыг зохицуулах газартай холбоотой мэдээллийг өгөх 28961900 дугаартай утас долоо хоногт 24 цагаар ажиллаж, Англи хэл дээр мэдээлэл зөвлөгөө өгч байна. 
Тус газарт өдөрт 700 орчим дуудлага ирдэг бөгөөд тал хувь нь гадаадын иргэдийн дуудлага байдаг байна. Сүүлийн үед хамгийн их гарч буй асуулт нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах болон оршин суух бүртгэлтэй холбоотой асуудлууд байна гэж мэдээллээ. 
Бусад асуудлаар гадаадын иргэд хотын Ардын засгийн газрын 12345 дугаарын утсаар холбогдох боломжтой.