images

“ДОКТОРАНТУУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-06-30

144

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан хамаарах тойрог буюу Шанхай хот, Жянсү, Жөжян, Жянши, Фүжянь болон Аньхуй мужуудад докторийн зэрэг горилон суралцагсдын дунд “Докторантуудын хэлэлцүүлэг”-ийг цувралаар зохион байгуулж эхлээд байна. 
Өнгөрөгч Бямба гаригт буюу 2020 оны 6 дугаар сарын 27нд болсон анхны хэлэлцүүлэгт Шанхай хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторант М.Бумбат, Шанхай хотын Тунжи их сургуулийн докторант М.Мөнхмандах, Шанхай хотын Тунжи их сургуулийн докторант Б.Оюунгэрэл нар зочноор оролцлоо. Хэлэлцүүлгийг тус хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав удирдан явууллаа.  
Докторын зэрэг горилон суралцаж буй оюутнуудаас гарсан санал санаачлага, судалгааны ажлын шинэлэг орчин нөхцөлийн талаар мэдээлэл солилцох, цаашлаад монгол хүний оюуны бүтээлийг улс орны хэрэгцээт салбарт үлдээн ашиглах, судалгааны үр өгөөж, ирээдүйн үр дүнг эх орондоо нутагшуулах, судлаачдын ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. 
Цаашид хэлэлцүүлгийг тогтмолжуулах, цар хүрээг өргөтгөх, докторуудаас гадна нарийн мэргэжлээр суралцаж, ажиллаж буй залуусыг хамруулах, тэдний санаачлага, үзэл бодлыг ЕКГ, ГХЯ-аар дамжуулан бодлого боловсруулах түвшинд хүргэх сувгийг бий болгохоор ажиллаж байна. 

Шанхай хотод суугаа Ерөнхий Консулын газар