images

Гадаад гацсан иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байна

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-07-17

127

Монгол Улсын Засгийн газар дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй байгаа 10 мянга гаруй иргэнийг аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахаар зорьж, татан авах ажиллагааг эрчимжүүлж байна. 
Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас өгсөн чиглэлийн дагуу Ази, Европ, Америк, Австрали, Африк тивийн нийт 55 улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа монгол иргэдээ татан авч дуусах хүртэлх хугацаанд тэдэнд зохих анхаарал тавьж, нөхцөл байдал нь хүндэрсэн, тухайлбал оршин суух зөвшөөрөл, виз сунгуулах, КОВИД-19-ийн шинжилгээ болон коронавируст халдварт өртсөн тохиолдолд шаардлагатай эмчилгээнд хамруулах, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг дээрх орнуудын Засгийн газарт тавиад байна. 
Үүний зэрэгцээ хоёр болон олон талын шугамаар иргэддээ туслах зарим арга хэмжээ авч байна. Тухайлбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Турк улсад гацсан манай улсын иргэн 200 орчим өрхөд хүнсний тусламж олгох зэргээр ажиллаж байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. 
Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс зогсоогоод байгаа хэдий ч хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ шат дараатай авч байна. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссын шийдвэрээр нийт 12 чиглэлд 38 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 44 орноос 14000 орчим иргэнээ эх оронд нь авчраад байна.