images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ - ЗӨВЛӨМЖ

Сэрэмжлүүлэг

2020-09-11

141

Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарч, хилийн хаасантай холбоотойгоор гадаад улсаас цахим худалдан авалт хийх, мөн гадаад улсруу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр иргэд хохирох явдал гарч болзошгүй байна. 
Иймд цахимаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж буй иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: 
• Хятад улсад Олон улсын стандарт, Улсын стандарт, Салбарын стандарт (Industry standard)-ыг дагаж мөрддөг. Иймд Худалдан авагч та бараа худалдан авах гэрээ, хэлцэл хийхээсээ өмнө өөрийн шаардлагыг дээр дурдсан гурван стандартын алинд нийцэж байгааг нягтлаж, тодорхойлох хэрэгтэй. 
• Харин БНХАУ-ын гэрээний хуульд худалдагч гэрээний зүйлийг тохиролцсон чанарын шаардлагын дагуу өгнө. Хэрэв худалдагчийн шилжүүлсэн бараанд чанарын тайлбар ирсэн тохиолдолд барааны чанар нь чанарын тайлбартай нийцсэн байхаар заасан байдаг тул та Худалдагчтай гэрээ/ хэлэлцээр хийхдээ тухайн өөрийн хүссэн чанарын стандартыг хангасан бараа авахыг хүсч буйгаа илэрхийлээд Худалдагчтай хэлцэл/гэрээ хийх боломжтой. 
• Ийнхүү чанарын стандартаа талууд тохролцсоноор бүтээгдэхүүн нийлүүлсний дараах маргаан гарахад гэрээнд заасан хариуцлагын дагуу хохиролоо барагдуулж болно. Хэрэв гэрээндээ хариуцлагын тухай заалт тодорхой оруулаагүй бол хохирлын хэмжээнээс хамаарч засаж өгөх, солих, дахин хийж өгөх, үнээ бууруулах зэрэг хэлбэрээр үүргийн зөрчлөө арилгахыг шаардах эрхтэй байдаг. 
• БНХАУ-ын иргэн, хуулийн этгээдтэй бараа худалдан авах гэрээ, хэлцэл хийх манай иргэд, ААН-үүдийн тоо өссөөр байна. Гэвч нийтлэг нэг алдаа нь гэрээ, хэлцлээ бичгээр хийдэггүй нь том хохирол учруулах нөхцөл болдог. Тухайлбал, We chat-аар нэг Хятад хүнтэй холбогдоод бараа, бүтээгдэхүүн авахаар тохиролцсон байдаг. Ийнхүү харилцахдаа худалдагч этгээд эсхүл зуучлагч нь бүтээгдэхүүний зураг, бичлэгийг үзүүлэхдээ шинэ бүтээгдэхүүн үзүүлсэн боловч, Монгол улсад ирсэн барааг үзэхэд биет байдлын доголдолтой буюу хуучин бараа, эсхүл өөрийн захиалсан бараа биш болохыг олж мэддэг. Ингээд, асуудлыг шийдэх гэтэл We chat-аар харьцсан хүний албан ёсны бүртгэлтэй овог, нэрийг ч мэдэхгүй байх тохиолдол их байна. We chat дээрх мэдээлэл нь албан ёсны овог нэр, холбоо барих хаяг нь биш болохыг анхаарах хэрэгтэй. 
• Бараа, бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авч байгаа тохиолдолд худалдаалж байгаа хүний албан ёсны бичиг баримтын зураг (компанийн үйл ажиллагааны гэрчилгээ буюу 营业执照 , иргэний үнэмлэх буюу 身份证), албан ёсны холбогдох утас, хаягыг төлбөр тооцоогоо шилжүүлэхээсээ өмнө авах нь зүйтэй. Төлбөрийг компанийн данс руу шилжүүлэх нь зүйтэйг анхаарна уу. 
• Хамгийн баталгаатай арга нь зөвхөн найдвартай түнштэй харилцах, гэрээг цахимаар алсын зайнаас байгуулах явдал юм. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.