images

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хөрөнгө оруулалт, худалдааны экспод оролцов

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-04-30

268

Орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, бүс нутгийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, ШХАБ-ын орнуудын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес, соёлын солилцоог дэмжих зорилго бүхий Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны экспо, Чиндаогийн форум 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Чиндао Жяожоу хотын Фанюань спортын төвд зохион байгуулагдлаа. 

Уг арга хэмжээнд Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, Шанхай хотод импортийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “MIM Global” ХХК-тай хамтран консулын тойргыг төлөөлөн оролцов. Үзэсгэлэнд мөн Бээжин дэх ЭСЯ-ны зөвлөх Н.Бат-Очир, нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Тэмүүлэн, Хөх хотод суугаа ЕКГ-ын консул Б.Гантулга нар болон ААН-ын төлөөлөл оролцсон юм. 

Тус үзэсгэлэнг Чиндао хотын Ардын засгийн газар, Хятад улсын олон улсын худалдааны танхим, CCPIT Шандун дэд зөвлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Хятадын бизнесийн зөвлөл, Чиндао худалдааны товчоо, Шандун мужийн Ардын засгийн газрын гадаад харилцааны алба болон Хятад-ШХАБ-ын Орон нутгийн эдийн засаг, худалдааны хорооноос тус тус хамтран зохион байгуулсан бөгөөд ШХАБ-ын гишүүн (Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Пакистан, Энэтхэг), Ажиглагч (Иран, Афганистан, Монгол, Беларусь), Харилцан яриа хэлэлцээний түнш (Шри Ланка, Турк, Азербайжан, Армени, Камбож, Непал) орнуудаас зочид төлөөлөгчид ирсэн байв. 

“MIM Global” ХХК-ийн тухайд 2018 оноос Монголын ААН-үүдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд сурталчилах, нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа Шанхай хот дахь манай ууган компаниудын нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнд тус компани нь Жэм Интернэшл ХХК, АПУ ХК, Монос Хүнс ХХК, ТЭСО корпораци болон Кашмер Холдинг зэрэг ААН-үүдийн нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлан амжилттай ажиллав.  

Шанхай хотод суугаа ЕКГ