images

OVERSEAS PROMINENT BRANDS CHINA ПЛАТФОРМЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-06-29

122

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хятад улсын Гуандун мужийн Гуанжөү хотод байрлах OPB (Overseas Prominent Brands) China платформын үүсгэн байгуулагч Steven Hou болон бусад удирдлагуудтай цахим уулзалтыг хийв. 

Уулзалтаар Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гадны зах зээлд нэвтрэх хэрэгцээ шаардлага, ЖДҮ эрхлэгчдэд Хятадын зах зээлд нэвтрэх нөөц боломж, үзүүлэх туслалцаа дэмжлэг зэрэг асуудлаар санал солилцож, зарим асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал Монголын ЖДҮ эрхлэгчдийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авч, OPB-гийн зүгээс брэндийн үнэлгээ хийх, тохирох худалдан авагчид зуучлах, дэмжлэг үзүүлэхээр тогтов.  

OPB нь 2013 онд Гуанжөү хотноо байгуулагдсан дэлхийн брэнд, дижитал маркетингийн үйлчилгээний платформ бөгөөд BMP бизнесийн дундын платформ, DMP мэдээллийн дундын платформ, SMP үйлчилгээний дундын платформыг мөн үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдасан юм. 

OPB нь гадаад улсын засгийн газруудаас албан ёсны өргөн дэмжлэгийг авсан ба 2020 оны 10-р сарын байдлаар БНХАУ-д суугаа 25 орны элчин сайдын яам, Гуанжөү дахь консулын газруудаас өргөн дэмжлэг авч, 14000 орчим брэндтэй хамтын ажиллагаа тогтоогоод байгаа аж.  

OPB нь дотоодын цахим худалдааны платформууд болох Tmall, JD, Koala, Xiaohongshu, Vipshop, Yunji гэх мэт олон тооны өндөр чанартай B2C хил дамнасан цахим худалдааны платформуудтай хамтарч ажилладаг бөгөөд компаниудтай шууд холбож туслалцаа үзүүлэх, гадаадын бараа бүтээгдэхүүнүүд Хятадын төдийгүй олон улсын зах зээлд байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлдэг томоохон давуу талтай. OPB нь энэ мэтчилэн цахим худалдааны томоохон платформууд болон дистрибьюторуудтай урт хугацааны, тогтвортой нийлүүлэлтийн хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод зогсохгүй 50,000 гаруй дистрибьюторын сүлжээ болон 200,000 оффлайн дэлгүүрүүдийн сүлжээтэй хүчээ нэгтгэсэн аж. Улмаар гадаад брэндүүдэд өрсөлдөх чадварын индексийн загварыг бий болгоход нь тусалж, брэндийн хүчний индекс ба сувгуудын хоорондох нарийн холбоосоор дамжуулан үр дүнд чиглэсэн дижитал үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар OPB платформ дээрх шууд худалдан авалтын хэмжээ сард ойролцоогоор 60 сая юань байна. Үүний зэрэгцээ OPB нь дэлхийн 20 оронд агуулах нээж, үзэсгэлэн худалдаанд оролцогчдод гадаад дах хил дамнасан ложистик, баталгаат агуулах, хил дамнасан цахим худалдааны үйл ажиллагаа, гааль гэх мэт мэргэжлийн нэгдсэн үйлчилгээг үзүүлдэг байна.

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР