images

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР “VISION MONGOLIA” ЦАХИМ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-07-06

201

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар 2021 оны 7 сарын 5-нд “Vision Mongolia” цахим хурал, улсаа сурталчлах өдөрлөгийг тус хотод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны танхимуудын нэгдсэн платформтой хамтран амжилттай зохион байгуулав. 

Цахим хурлын үеэр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, бүтээлч оюуны үйлдвэрлэл, зам тээврийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулж, эдгээр салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг сурталчилав. 

Ерөнхий консул Ё.Нямжав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, бүтээн байгуулалтын ажил улс орон бүрт сорилт болон тулгарч буй ч үүнийг харилцан ойлголцол, хамтын сэтгэл, хамтарсан чармайлтаар даван туулах нь чухал хэмээгээд хэрэв та бүхэн Монгол улсыг зөвхөн уул уурхайн салбараар төсөөлж байгаа бол өнөөдөр бусад салбарын талаар ойлголт төсөөлөл, мэдээлэл мэдлэг авч цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх боломжуудыг харна хэмээн итгэж байна гэв. 

Тус арга хэмжээнд Шанхай хотын Ардын засгийн газар, Худалдааны хороо, Эдийн засгийн тусгай бүс, дүүргүүдийн төлөөлөл, Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн захиргаа, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны Шанхай хот дахь салбар, олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл, тус хотод суугаа гадаад улсуудын консулын газрууд болон Жөжян, Жянсү, Аньхуй, Жянши болон Фүжянь мужуудын Ардын засгийн газраас албаны хүмүүс урилгаар оролцсон бөгөөд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ-ууд мөн дэмжин оролцсон юм.  

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР