images

Монгол, Хятадын ЗГХК-ын Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-12-08

131

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. 

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүнь Шучян ахлан оролцлоо. 

Ажлын хэсгийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны энэ оны явцыг дүгнэж, 2020 онд зохион байгуулсан ЗГХК-ын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг сэргээх, БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг эцэслэн тохиролцох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хооронд ажлын түвшний мэдээлэл солилцоог сайжруулахаар тохиролцов. 



Эх сурвалж: https://mfa.gov.mn/65693