images

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-03-25

159

Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан БНХАУ-ын аялал жуулчлалын тэргүүлэгч Trip.com грүппийн цахим платформд Монгол улсын сурталчилгааг албан ёсоор байрлуулах, Монголын Ihotel зочид буудал, жуулчны баазын цахим захиалгын платформтой холбох хамтын ажиллагааны талаарх мэдээлэл солилцох уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа. 

Энэ удаагийн уулзалтад БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндорж, тус ЕКГ-ын Ерөнхий консул Ё.Нямжав, ГХЯ-ны ГССХГ-ын II нарийн бичгийн дарга Г.Солонго, Trip.com группийн Гадаад орнуудын зах зээл, бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал София Канали, Ihotel платформын Менежер болон бусад албаны хүмүүс оролцов. 

Trip.com грүппийн Гадаад орнуудын зах зээл, бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал София Канали “Trip.com цахим платформ дээрх Монгол улсыг сурталчлах маркетингийн загвар”-ын талаар илтгэл тавьж, сонирхсон асуултад хариулав.  

Мөн Ihotel цахим захиалгын мэдээллийн баазад бүртгэлтэй Монголын 500 гаруй зочид буудал, жуулчны баазыг шат дараатай Trip.com платформд холбох ажлын явцын талаар тус платформын Менежер мэдээлэл өгөв. 

ЕКГ-аас санаачлан хэрэгжүүлж буй дээрх ажлууд амжилттай хэрэгжсэнээр уг грүппийн цахим платформын ашигладаг 400 сая гаруй хэрэглэгч Монгол улсыг сонгон аялалаа төлөвлөх, захиалах боломжтой болох юм. Энэ нь гадаадын жуулчдыг татах, олон улсад Монгол орныг сурталчлах нэг томоохон боломж хэмээн тус ЕКГ-аас үзэж байгаа юм.  

 

БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар