images

МОНГОЛ, ИЗРАИЛИЙН ХАМТАРСАН СОЁЛЫН ӨДӨРЛӨГИЙГ БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-11-23

189

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Израиль улсаас Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ хамтран Монгол, Израиль улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хаалтын арга хэмжээний хүрээнд хамтарсан соёлын өдөрлөгийг БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсын ЭСЯ-ны “Монголын соёл, мэдээллийн төв”-д 2022 оны 11 дүгээр сарын 22-нд зохион байгуулав.

Тус арга хэмжээг нээн Монгол Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Израилийн ЭСЯ-ны дэд тэргүүн Ювал Вакс үг хэлсэн бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцааны сүүлийн үеийн өрнөл, хийгдэж буй арга хэмжээ болон цаашид хоёр талын хооронд хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв. 

Уг арга хэмжээний үеэр “Монгол орон Израил хүний нүдээр" фото зургийн үзэсгэлэн гарч, Израилийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Лирон Маны өвөрмөц, шинэ хөгжмийн зэмсгийн тоглолт болов. 

Мөн өдөрлөгийн хүрээнд НҮБ-ын шийдвэрийн дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдөр тохиодог “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр”-ийг угтан Израилийн тулааны урлаг Крав Мага-гийн сургалтыг эмэгтэйчүүдэд зориулан зохион байгуулав.

Крав Мага нь Израилийн бие хамгаалах урлаг бөгөөд Израилийн Батлан Хамгаалах Хүчинд зориулан айкидо, жүдо, карате, бокс болон бөхийн техникийг хослуулан хөгжүүлсэн, бодит нөхцөл байдалд зориулсан тулааны урлаг аж.

Хамтарсан соёлын өдөрлөгийн арга хэмжээнд Монгол, Израиль хоёр улсын ЭСЯ-ны ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, Бээжинд хотод оршин суугаа хоёр улсын иргэдийн төлөөллөөс гадна гадаадын зарим дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон болно.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ

ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР