Улс төрийн харилцаа

2022-11-25


Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дипломат харилцаа тогтоосон. Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яам харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрыг сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын газар болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газрыг байгуулсан. 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж, 2017 онд татан буулгасан. Харин 2018 онд Шанхай хотод ЕКГ, Манжуур хотод КГ тус тус байгуулахаар ажиллаж байна.  

Харилцааны түвшин

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлж байна.