Мэндчилгээ
2023-08-01
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын цахим хуудсанд саатан морилж буй Танд талархал илэрхийлье!
Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хооронд дипломат шугамаар хэлэлцэн тохиролцсоны дагуу тус Ерөнхий консулын газрыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор нээсэн. Манай Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа явуулах хариуцсан тойрогт Шанхай хот болон Жөжян, Жяньсү, Фүжян, Жяньси, Аньхуй муж хамаардаг.
Тус Ерөнхий консулын газар нь Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенц болон бусад холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу суугаа орны хариуцсан консулын тойрогт өөрийн улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй.
Түүнчлэн консулын тойрогт албан болон хувийн хэргээр зорчигч монгол иргэд, урт хугацаанд суралцаж, ажиллаж амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх, монгол иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллага, холбоодыг дэмжих эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.
Тэрчлэн Монгол түмэн, нүүдэлчин үндэстний уран тансаг өв соёл, уламжлал, шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх, суугаа оронд төдийгүй дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор олон улсын болон хоёр талын үзэсгэлэн, форум, хүмүүнлэгийн арга хэмжээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс оролцоход тогтмол дэмжлэг үзүүлэн ажилладаг болно.
Эрхэм уншигч Таны өмнө манай Ерөнхий консулын газрын үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд энэхүү цахим хуудаст зочилж, бидний үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээ, мэдээлэл хүлээн авч байна гэдэгт итгэлтэй байна.
Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН
ШАНХАЙ ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД