Гуравдагч оронд зорчих

2022-11-25


Дэлхийн 167 улс БНХАУ-д Элчин сайдын яамтай. Үүнээс манай улсад ЭСЯ нь  байдаг 19 улсаас бусад улсын визийг бид ЭСЯ-дад нь мэдүүлэн авч байгаа.  ЭСЯ бүр гадаадын иргэний визийн мэдүүлэг хүлээн авах, виз олгохдоо нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрхзүйн хэм хэмжээг баримтлахаас гадна өөрийн үндэсний  хууль тогтоомжийн заалтыг баримталдаг тул тавих шаардлага нь харилцан адилгүй байдаг. Түүнээс гадна олон ЭСЯ визийн мэдүүлэг хүлээж авах ажлаа “Visa Application Center” (VAC) хэмээх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид гэрээгээр өгч гүйцэтгүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгж нь визийн хураамжийг үйлчилгээний хөлс, ашгаа нэмж авдаг. VAC-тэй улсын ЭСЯ-д манай “Е” серийн паспорттай төрийн албан хаагчдын визийн мэдүүлгийг хүлээн авдаг тул үүнийг энд дурдаж байгаа юм.

Манай иргэд эзэмшиж буй паспортын төрлөөс үл хамааран хавсралт №1-д дурдсан 16 улс, бүс нутагт 14-өөс 90 хүртэл хоног, “Д”, “А” серийн буюу дипломат, албан паспорт эзэмшигч иргэд хавсралт №2-т дурдсан 18 улсад 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар тус тус Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй зорчдог. Мөн Шенгений гэрээнд нэгдсэн 26 улсаас 3 нь буюу ХБНГУ, Франц, Чех улсууд манайд ЭСЯ-тай тул манай иргэдэд Шенгений улсуудад зорчих визийг олгож байгаа болно.

ВИЗ МЭДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ

  1. 1. МЭДҮҮЛЭГ БӨГЛӨХ

Гадаадын иргэнд зориулсан виз мэдүүлгийн хуудсыг бөглөхдөө асуулт бүрийг хариулах шаардлага түгээмэл тавигддаг. Мэдүүлгийн хуудсанд зурсан Таны гарын үсэг бусад баримтад зурсан гарын үсэгтэй чинь тохирч байх ёстой.

  1. 2. ГЭРЭЛ ЗУРАГ

Бараг бүх улсын ЭСЯ зөвхөн цагаан дэвсгэртэй гэрэл зураг 2 хувь ирүүлэхийг шаарддаг.

  1. 3. ХУРААМЖ

Визийн хураамжийг зөвхөн юаниар төлнө. Учир нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр гадаад валютаар гүйлгээ хийхийг хориглодог.

Виз мэдүүлэгчийн паспортын төрөл, аяллын зорилгод нийцүүлэн олгох визийн төрлөөс шалтгаалж хураамжийн хэмжээ ялгаатай байхаас гадна валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөгөөр визийн хураамжийн хэмжээ байнга хэлбэлзэж байдаг тул виз мэдүүлэгч нь урьдаар виз мэдүүлэх улсынхаа ЭСЯ-тай холбоо барьж визийн хураамжийн хэмжээг мэдэж авах нь зүйтэй.

  1. 4. ИТГЭМЖЛЭЛ

Аль ч улсын хувьд гадаадын иргэний паспорт дахь мэдээлэл нууц байх тул тухайн улсын ЭСЯ-нд очиж виз мэдүүлэх манай ажилтанд Таны итгэмжлэл байх шаардлагатай. Баталгаажуулсан итгэмжлэлгүй бол паспорт өгөх, авах тухай ойлголт байхгүй, зөвхөн цаг алдаж, илүү зардал л гаргана.

АЯЛЛЫН ДААТГАЛ

Хэдийгээр дипломат, албан паспорт эзэмшигч төрийн албан хаагчдынхаа аюулгүй байдлыг төр, засаг нь хариуцдаг гэж ойлгон Шенгений гэрээнд нэгдсэн улсууд Д”, “А” серийн паспорттай иргэдээс аяллын даатгал шаардахгүй байх тохиолдол байдаг ч бусад улсын Элчин сайдын яамд аяллын даатгал зайлшгүй хийлгэсэн байх шаардлага тавьдаг. Иймд даатгуулж, хуудсыг хавсаргах хэрэгтэй.

Эдгээр шаардлага нь тухайн улсын хууль тогтоомжийн дагуу тавигддаг учраас виз мэдүүлэгчид анхнаасаа мэдүүлгээ дээр дурдсан нийтлэг шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлэх нь чухал бөгөөд дутуу бүрдэлтэй мэдүүлэг нь гадаадын ЭСЯ-дад тухайн улсын хууль тогтоомжийг манай тал хүндэтгэн үзэхгүй байгаа мэт ойлголт төрүүлдэг. Тэгээд ч дутуу бүрдэлтэй мэдүүлгийг засаж залруулан дахиж мэдүүлэхэд ядаж цаг алддаг, татгалзсан хариу авах эрсдэлтэй, манай ЭСЯ-ны хувьд ч үргүй зардал гаргаж ажил алддаг, эцэстээ Монгол Улсын нэр хүндэд муугаар нөлөөлдөг.

  1. 5. НООТ

Түүнээс гадна Таныг ямар ажлаар хэдий хугацаагаар зорчихыг нотолж зохих виз олгохыг тухайн улсын ЭСЯ-нд нь хандан хүссэн манай улсын Гадаад харилцааны яамны ноот хэрэгтэй. 1990-ээд оны дунд үе хүртэл визийн мэдүүлгийг ЭСЯ-ны ноотоор хүргүүлж байсан. Гэвч манай иргэдийн доторх зарим хэсэг албан виз авч очсон хойноо тухайн улсаасаа улс төрийн орогнол хүсэх зэрэг зохисгүй байдал гаргаж нөгөө талыг хүнд байдалд оруулж байснаас шалтгаалан хөгжингүй улсууд манай засгийн газрын ноот шаарддаг болсон. Иймд зөвхөн манай төвийн (ГХЯ-ны консулын газрын) ноот хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Манай ЭСЯ-ны ноот бол зөвхөн уг мэдүүлгийг хүргүүлж байгааг л нотолно.

  1. 6. ХУГАЦАА

Визээ аль болох эрт, болж өгвөл 3 долоо хоногийн өмнө, ядаж 15 хоногийн өмнө мэдүүлэх шаардлагатай. Учир нь гадаад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд гурав дахь улсын иргэнд виз олгохдоо үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу төвдөө мэдүүлж зөвшөөрөл авдаг. Энэ нь мэдээж хугацаа шаардана. Түүнээс гадна бараг бүх улсын ЭСЯ ажлын хэт их ачааллаас шалтгаалан тэр бүр та бидний санасан хугацаанд виз гаргаж өгөх боломж багатай байдаг.

Иймд зорьсон хэргээ хугацаанд нь бүтээхийн тулд Гадаад харилцааны яамны консулын газарт аль болох эрт паспорт, бусад материалаа өгөх шаардлагатай.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛС, БҮС НУТАГ

/бүх төрлийн паспорттай иргэд/

  1. БНХАУ – 30 хүртэл хоног
  2. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонконг – 14 хүртэл хоног
  3. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Макао – 90 хүртэл хоног
  4. Беларусь – 90 хүртэл хоног /албан ёсны урилгатай байх шаардлагатай/
  5. Гүрж – 90 хүртэл хоног
  6. Израиль – 30 хүртэл хоног
  7. Казахстан – 90 хүртэл хоног
  8. Киргизстан – 90 хүртэл хоног
  9. Куба – 30 хүртэл хоног
  10. Лаос – 30 хүртэл хоног
  11. Малайз – 30 хүртэл хоног
  12. Сингапур – 14 хүртэл хоног
  13. Тайланд – 30 хүртэл хоног
  14. Турк – 30 хүртэл хоног
  15. Украин – 90 хүртэл хоног /албан ёсны урилгатай байх шаардлагатай/
  16. Филиппин – 21 хүртэл хоног

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТТАЙ ИРГЭД

ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛС

  1. БНАСАУ – 90 хүртэл хоног
  2. БНСУ – 30 хүртэл хоног
  3. Болгар – 30 хүртэл хоног
  4. Бразил – 90 хүртэл хоног
  5. Вьетнам – 90 хүртэл хоног
  6. Индонез – 30 хүртэл хоног
  7. Кипр – 90 хүртэл хоног
  8. Лаос – 90 хүртэл хоног
  9. Мексик – 90 хүртэл хоног
  10. ОХУ – 90 хүртэл хоног
  11. Польш – 90 хүртэл хоног
  12. Румын – 30 хүртэл хоног
  13. Словак – 90 хүртэл хоног
  14. Турк – 30 хүртэл хоног
  15. Унгар – 30 хүртэл хоног
  16. Чех – 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорттой иргэд/
  17. Чили – 90 хүртэл хоног
  18. Энэтхэг – 90 хүртэл хоног

МОНГОЛ УЛСАД ЭСЯ-ТАЙ УЛС

  1. Казахстан
  2. Куба
  3. Сан Марино
  4. БНАСАУ
  5. ОХУ
  6. Энэтхэг
  7. Вьетнам
  8. Канад – Улаанбаатар дахь ЭСЯ нь виз олгодоггүй, Бээжин дэх ЭСЯ нь олгодог
  9. Кувейт
  10. БНХАУ
  11. Герман
  12. Япон
  13. Лаос
  14. Франц
  15. БНСУ
  16. ИБУИНВУ (Улаанбаaтар дахь ЭСЯ нь виз олгодоггүй, Бээжин дэх ЭСЯ нь олгодог
  17. Турк
  18. АНУ
  19. Чех

ШЕНГЕНИЙ ГИШҮҮН УЛС

  1. Австри
  2. Бельги
  3. Чех
  4. Дани
  5. Эстони
  6. Финланд
  7. Франц
  8. Герман
  9. Грек
  10. Унгар
  11. Исланд
  12. Итали
  13. Латви
  14. Лихтенштейн
  15. Литва
  16. Люксембург
  17. Мальт
  18. Голланд
  19. Норвег
  20. Польш
  21. Португал
  22. Словак
  23. Словени
  24. Испани
  25. Швед
  26. Швейцар