АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хятадын аялал жуулчлалын холбоо, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах арга хэмжээг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр цахим болон биечилсэн хэлбэрээр зохион байгуулав.
Уг арга хэмжээнд хятадын аялал жуулчлалын 26 байгууллагын 40 гаруй төлөөлөгч, монголын талаас 20 компани, Монгол Улсаас Хятад улсад суугаа ДТГ-уудын төлөөлөл тус тус оролцов.
Энэхүү арга хэмжээг нээж, ЭСЯ-ны дэд тэргүүн бөгөөд элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Бодлогын газрын дарга Т.Мөнх-Од нар үг нар хэлж, Монголын аялал жуулчлалын холбооны Хятадын зах зээлийн зөвлөл, Steppe Off-Road компани, Мега консалтинг зэрэг ХХК-иуд 2023 онд хийхээр төлөвлөж буй аяллын бүтээгдэхүүний багцуудаа танилцуулав.
Энэ удаагийн арга хэмжээний үр дүнд нийт оролцогчид шууд харилцаа тогтоон харилцан мэдээлэл солилцохоор тогтсоноос гадна хятадын аж ахуйн нэгжүүд ойрын хугацаанд Монгол Улсад очиж, газар дээр нь судалгаа хийж, хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн Хятадын Тикток сүлжээнд Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулах талаар хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар тохирсон болно.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс цаашид аялал жуулчлалыг дэмжих хүрээнд хятадаас жуулчин авах сонирхолтой дотоодын аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллаж, Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалыг татахад чиглэсэн цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.