Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023
“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт (World Export Development Forum)”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Олон улсын худалдааны төв (International Trade Centre-ITC)-ийн дэмжлэг, оролцоотойгоор Улаанбаатар хотноо, 2023 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
Олон улсын худалдааны төв нь ШХУ-ын Женев хотод байрладаг бөгөөд “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг хүлээн авагч улсын Засгийн газартай хамтран 1999 оноос хойш зохион байгуулж байгаа хэдий ч 2019 онд дэгдсэн цар тахлын улмаас тус арга хэмжээ хоёр удаа хойшлогдсон.
Энэ жилийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 500-600 төлөөлөгчийг оролцуулж, Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг дараах сэдвүүдээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
• Органик хүнсний бүтээгдэхүүний экспорт;
• Экологийн цэвэр бүтээгдэхүүний экспорт;
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ба Ногоон хөгжил;
• Эко аялал жуулчлалын боломж, хамтын ажиллагаа;
• Сэргээгдэх эрчим хүчний экспорт, хамтын ажиллагаа;
• Цахим худалдаа.
Тус чуулга уулзалтыг зохион байгуулах нь Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадын түншүүдэд таниулан сурталчлах, шинэ гэрээ хэлэлцээр байгуулах, үндэсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн, худалдааг дэмжигч олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт яриа зохион байгуулж, экспортод тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцон олон улсын туршлагыг судлах талбар юм.
Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн арга хэмжээ Женев хотноо 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болж, оролцогчдын бүртгэлийг нээсэн. Сонирхосон оролцогчид https://indico.un.org/event/1004191/ линкээр шууд бүртгүүлэх боломжтой.
ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР