images

АВЛИГЫН ЭСРЭГ “НЭГДЬЕ” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-05-31

98


Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.

Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд өнөөдөр хийсэн зөв үйлдэл тань ирээдүйд ирэх мянга мянган боломжийн эхлэл юм.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ”. Авлигад үгүй гэж хэлье.

Авлигын эсрэг НЭГДЬЕ.

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР