images

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Н.СЭРГЭЛЭНГИЙН БҮТЭЭЛ “ДЭЛХИЙН НЭГ ӨДӨР” УРАН ЗУРГИЙГ ОЛОН НИЙТЭД ТОЛИЛУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-05-17

180

2023 оны 5 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр гарсан үзэсгэлэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Сэргэлэнгийн бүтээл болох “Дэлхийн нэг өдөр” уран зургийг олон нийтэд толилуулав.

Чуулга уулзалт болон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Дэлхийн нэг өдөр” уран зургийг Абу Даби-гийн Угсаа залгамжлах ханхүү Эрхэм дээд Шейх Халед бин Мухаммад бин Заид Аль-Нахъян, тус улсын Хууль зүйн сайд Абдулла Аль-Нуами, Засгийн Газрын гишүүн, Гадаад Худалдааны асуудал эрхэлсэн Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди, Абу Дабигийн эдийн засгийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Рашид Абдулкарим Аль-Блуши, мөн Эмиратын болон гадаадын өндөр албаны хүмүүс үзсэн байна.

“Дэлхийн нэг өдөр” уран зургийн өндөр нь 2,5 метр, урт нь 21 метр бүтээл бөгөөд гуашаар зурсан дэлхийн хамгийн том уран зураг юм.

Монгол Улсыг сурталчлах төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд энэхүү уран зургийг Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын орчин цагийн урлаг, соёлын бүтээлүүдийг өргөн олон түмэнд танилцуулдаг “Manarat Al Saadiyat” галерейд 5 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд дэлгэн үзүүлж байна.

Эх сурвалж: https://mfa.gov.mn/73575

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР