images

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБЫН 25 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-06-02

97

Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” /ЭДК/ үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойн баярын арга хэмжээг Монголын үндэсний дизайнеруудын холбоотой хамтран 5 сарын 30-ны өдөр  “Улаанбаатар “ зочид буудлын Их танхимд зохион байгуулав. Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд, Улаанбаатар дахь гадаад орны Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд, дипломат ажилтнууд, ТББ-уудын төлөөлөл болон “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн гишүүд оролцов.

Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон ойн арга хэмжээг нээж  хэлсэн үгэндээ клубийг үүсгэн байгуулсан ахмад гишүүд, клубийн ажлыг үргэлж дэмжигч дипломат төлөөлөгчийн газрын хамт олон, хувиараа үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт талархал илэрхийллээ.

Тэрээр өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудаа дүгнэн тодорхойлж, цаашид ч залгамжлан уламжлуулсаар сайн сайхны төлөөх буянтай ажлаа үргэлжлүүлэх болно гэв. Тус клуб өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн 100 гаруй арга хэмжээ, төсөл хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд клубын оруулсан хувь нэмрийг үнэлж хэлэхдээ:

“Иргэдийн амьжиргааг дэмжих, залуу дипломатчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ахмад дипломатчдыг халамжлах чиглэлээр идэвхи санаачлага гарган ажиллах, ГХЯ–ны ажлыг тал бүрээр дэмжих, гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын хамт олонтой хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа нь нийгмийн олон салбарт хүрч ажилладаг нэр хүндтэй байгууллага болтлоо өсөн дэвжсэн” гэдгийг онцлов. Мөн түүнчлэн эмэгтэй манлайлагчтай хувиараа аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж тэднийг бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажиллаж байгааг  тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, клубийн үйл ажиллагаагаар дамжуулан гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн зарим гишүүн, тэргүүлэгчдэд “Хүндэт дипломат” тэмдэг,  ГХЯ-ны “Жуух бичиг” гардуулан өгөв.

Ойн арга хэмжээний хүрээнд манай залуу дизайнеруудын бүтээсэн үндэсний хувцас, үндэсний хувцас-орчин үеийн хувцасны хосолмол загварын “Ур ундраах уламжлал” загварын үзүүлбэр зохион байгуулав. Тус арга хэмжээнд  Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын ажилтнууд, дипломатуудын гэргий нар, тэдний үр хүүхдүүд болон ГХЯ-ны залуу дипломатууд загвар өмсөгчөөр оролцсон  нь олны анхаарлыг ихэд татав. Баярын арга хэмжээний үеэр залуу дизайнеруудын уран бүтээлийн үзэсгэлэн гарч уригдсан зочид сонирхон танилцлаа.

“Moon Dance” хамтлагийн бүжигчид, СУИС болон Монгол Улсын Консерваторын багш оюутнууд урлагийн бяцхан тоглолт хийв.

Эх сурвалж: https://mfa.gov.mn/73517

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР