ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛНО
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал 2023 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, улмаар олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж байна.
Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах яриа хэлэлцээний уламжлалт тавцан болж ирэв.
Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: https://mfa.gov.mn/73517
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР