images

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БХАТИХ-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-09-08

130

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцох үеэрээ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй тэргүүтэй хятадын талын төлөөлөгчидтэй 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр уулзлаа.

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн. Эдгээр ажлыг бодитоор хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Бус ба Зам" санаачилга болон "Хэтийн зорилго 2035"-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцлоод цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Эх сурвалж: https://beijing.embassy.mn/post/2002

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР