images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ЖЯНШИ МУЖИЙН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХЭРГИЙН АЛБАНЫ ДАРГА ФАНЬ ЮУН, ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА Ё ИН НАРТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-12-07

294

Тус Ерөнхий консулын газрын тойрогт хамаарах БНХАУ-ын Жянши мужийн төв Нанчан хотод 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд болж өнгөрсөн “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Уламжлалт анагаах ухааны форум – 2023” арга хэмжээнд Ерөнхий консул Д.Болд оролцох үедээ Жянши мужийн Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Фань Юун, Худалдааны танхимын дарга Ё Ин нартай уулзаж, талуудын харилцаа, бодит хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцолж, Монгол Улсын Засгийн газраас орон нутаг хоорондын харилцаа, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж буйг дурдаж, энэ хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын аль нэг дүүргийг Жянши мужийн аль нэг хот, дүүрэгтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, санамж бичиг байгуулах санал дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн 7 дугаар сард “Монголын эдийн засгийн форум”-ыг уламжлал болгон зохион байгуулах болсон бөгөөд энэхүү форумд Жянши мужийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Жянши мужийн Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Фань Юун, Худалдааны танхимын дарга Ё Ин нарын зүгээс монголын талын санал, санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, хоёр талын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцан нөхөх, хамтдаа хожих өргөн нөөц, бололцоо оршиж буйг онцолж байв. Тэрчлэн 2024 онд талууд хамтран тус тусын онцлогтой бараа, бүтээгдэхүүнийг харилцан сурталчлах, таниулах арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулахаар санал нэгдэв.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР