ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ЖӨЖЯН МУЖИЙН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХЭРГИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА ЧЭНЬ ЖЯНФӨНТЭЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Болд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жөжян мужийн Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны даргын орлогч Чэнь Жянфөнтэй уулзаж, энэ онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд 2023 оны 11 дүгээр сард Ханжөү хотын төвд задгай талбайд Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын чуулгын үзүүлбэрийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийлж, энэ онд Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг Ханжөү хотын Урлагийн их театрт зохион байгуулах санал дэвшүүлсэн бөгөөд хятадын талаас бүх талаар дэмжиж, хамтран хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд манай талаас хүргүүлсэн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БНХАУ-ын Жөжян мужийн Ардын Засгийн газар хооронд хүнд аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн явцын талаар тодруулж ярилцав.
Талууд цаашид худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хүмүүнлэг, соёл, орон нутаг хоорондын харилцааг үр дүнтэй, бодитой, олон нийтэд хүрэхүйц байдлаар өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.