images

БНХАУ-ЫН ЖӨЖЯН МУЖИЙН ТУНШЯН ХОТОД МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН УРЛАН БАЙГУУЛАХ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-04-18

381

БНХАУ-ын Жөжян мужийн Туншян хот дахь Монголын Урчуудын Эвлэлийн дүрслэх урлагийн урлан байгуулах нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээний үеэр Монголын Урчуудын Эвлэлийн БНХАУ дахь албан ёсны төлөөлөгч, зураач Ц.Мядагмаа “The world of beauty” сэдэвт уран зургийн бие даасан үзэсгэлэн гаргаж, үзэгч сонирхогчдод толилуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд тус ЕКГ-ын атташе Б.Сэлэнгэ оролцож, Жөжян мужийн Туншян хотод Монголын Урчуудын эвлэлийн Дүрслэх урлагийн урлан байгуулж, БНХАУ дахь албан ёсны төлөөлөгчөөр Ц.Мядагмааг томилж буй нь онцлог үйл явдал болохыг дурдаж, талуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, баяр хүргэж үг хэлэв.  Мөн тус арга хэмжээнд Монголын Урчуудын Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батжил, Туншян хотын Намын хорооны байнгын хорооны гишүүн, Мэдээлэл, сурталчилгааны газрын дарга Мо Жунхай, Жөүчуань тосгоны Намын хорооны нарийн бичгийн дарга Юй Гуобин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх асан Ван Дачи, Жөжян мужийн Урчуудын эвлэлийн Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Минжэ, Туншян хотын Урчуудын эвлэлийн хорооны дарга Ли Рунхуа болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид оролцов. 

Тус арга хэмжээний үеэр Монголын Урчуудын Эвлэл, БНХАУ-ын Урчуудын эвлэл хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр, хамтарсан хурал, семинар, уран зургийн форум, үзэсгэлэн, зураачдын мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэг уран бүтээлчдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.