“ТАЛ НУТАГ БОЛОН УРАН ЗУРАГ” СЭДЭВТ ТОГЛОЛТОД ЧИНГИС ХААН ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ “МОРИН ХУУРЫН ЧУУЛГА”-ЫН ГОЦЛОЛ ХӨГЖИМЧИН, МОРИН ХУУРЧ О. ТӨМӨРХУЯГ ОРОЛЦОВ
БНХАУ-ын Шанхай хотын Тунжи их сургуулийн Урлаг хөгжим, мэдээллийн тэнхимийн санаачилгаар зохион байгуулж буй цуврал арга хэмжээний хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болж өнгөрсөн “Тал нутаг болон уран зураг” сэдэвт тоглолтод Чингис хаан тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч “Морин хуурын чуулга”-ын гоцлол хөгжимчин, морин хуурч О.Төмөрхуяг амжилттай оролцож, Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын “Морин хуурын концерт”, УГЗ Ж.Энхбаярын “Ноктюрн” бүтээлийг гоцлон тоглов.
Түүнчлэн морин хуурч О.Төмөрхуяг нь БНХАУ-ын морин хийлийн гоцлол хөгжимчин Чанфэй, төгөлдөр хуурч Сүй шинь нартай хамтран Монгол Улсын төрийн шагналт, УГЗ Б.Шаравын "Трио", УГЗ Ш.Өлзийбаярын “Хаврын домог” бүтээлийг үзэгч олны хүртээл болгосон нь онцлогтой байв.
Тоглолтын үеэр Ерөнхий консул Д.Болд энэ удаагийн арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй Тунжи их сургуулийн Урлаг хөгжим, мэдээллийн тэнхимийн захирал, профессор Чин-тэй уулзаж, Монгол Улсын залуу морин хуурч, гоцлол хөгжимчнийг урьж оролцуулсан явдалд талархал илэрхийлж, цаашид хоёр улсын залуу уран бүтээлчдийг хөгжүүлэх солилцооны хөтөлбөр, сургалт болон бусад арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.