ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ЖЯНСҮ МУЖИЙН НАНЬЖИН ХОТЫН ГАДААД ХЭРГИЙН АЛБАНЫ АЗИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ЛЮ ХУАЙЮЙ-ТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Болд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жянсү мужийн Наньжин хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн албаны Азийн хэлтсийн дарга Лю Хуайюй-г 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа тасралтгүй өргөжин хөгжиж, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа улам идэвхжиж буйг санал нэгтэй дурдаж, 2024 онд олон түүхт ой давхцаж буйг тохиолдуулан худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Наньжин хотод зохион байгуулдаг худалдаа, эдийн засгийн томоохон арга хэмжээнд Монгол Улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Засгийн газраас орон нутаг хоорондын харилцаа, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж буйг онцолж, “Монгол Улсын Хэнтий аймаг, БНХАУ-ын Жянсү мужийн Наньжин хот хооронд найрсаг хотуудын харилцаа тогтоох тухай санамж бичиг”-ийн хүрээнд талуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.