ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ФҮЖЯНЬ МУЖИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭД ДАРГА ХАН ДУН-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод ажиллах үеэрээ тус мужийн Худалдааны танхимын дэд дарга Хан Дун-тай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр дэд дарга Хан Дун-ы зүгээс Монгол Улсад БНХАУ-ын Фүжянь мужийн 7 аж ахуйн нэгж бизнес эрхэлж буйг дурдаж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий консул Д.Болдын зүгээс Монгол Улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Монголын Эдийн засгийн форум”, “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд Фүжянь мужийн аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулж, талууд харилцан хөрөнгө оруулалт татах боломж буйг онцолж, энэ хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.