images

АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ИХ СУРГУУЛИЙН ШАНХАЙ ХОТ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-03-12

62

Ерөнхий консул Д.Болд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Нью-Йорк Их Сургуулийн Шанхай дахь салбар сургуульд зочилж, тус сургуулийн захирал Тун Шы Жюнь болон олон улсын харилцааны багш, профессор Иван Вилис Расмүссен нартай танилцах уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, багш солилцооны хөтөлбөр бий болгох, монгол оюутнуудад олгож буй тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

АНУ-ын Нью-Йорк Их Сургууль (NYU) нь Шанхай хот болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод салбар сургуультай бөгөөд Лондон, Парис, Берлин, Мадрид, Буэнос-Айрес, Тель-Авив, Вашингтон зэрэг хотуудад салбар боловсролын төвүүдтэй гэнэ. Тус сургуулийн Шанхай дахь салбар (NYU Shanghai) сургууль 2012 онд байгуулагдсан цагаас хойш олон улсын харилцаа, эдийн засаг, шинжлэх ухаан, бизнес, технологи, инновац зэрэг мэргэжлээр өндөр чанартай боловсролыг түгээж, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төгсөгчдөд хос диплом олгодог байна. Өнөөдрийн байдлаар Шанхай хот дахь салбар сургуульд Монгол Улсын 104 оюутан дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна.

Энэ үеэр тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа, консулын үйлчилгээ, суугаа орны хууль тогтоомжийн талаар танилцуулж, оюутнуудад тулгамдаж буй асуудал болон сонирхсон сэдвээр ярилцаж, тэдгээрийн санал хүсэлтийг сонсов.