images

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БӨГӨӨД УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ТӨР-ОД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-02-19

40

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 2 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Бүс ба зам санаачилгын хүрээнд БНХАУ-ын Хөнань мужийн Жөнжөү хотноо зохион байгуулагдсан Монгол-Хятад-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцох үеэр Ерөнхий консул Д.Болдын урилгаар Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газарт зочлов.

Ерөнхий консул Д.Болд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, 2025 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдах Хятадын олон улсын импортын VIII экспод монголын аж ахуй нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, Монгол Улсын павильон тохижуулж оролцох, энэ үеэр Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн хамтарсан форум зохион байгуулахаар тохиролцов. 

Түүнчлэн Ерөнхий консул Д.Болдын зүгээс Шанхай хот болон Жөжян мужийн Ивү хотод Монгол Улсын хөрөнгө оруулалттай Шанхай Шинэ Трэйдинг ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Ивү Зэма олон улсын худалдааны ХХК-ийн захирал Г.Соёмбо нарыг эдгээр хотуудад МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр томилох санал дэвшүүлэв. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одын зүгээс дээрх саналыг дэмжиж, Монгол Улсын аж ахуй нэгжүүд БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж, гадаад худалдааны чиглэлээр амжилттай ажиллаж буйг сайшааж, тэдгээрийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.