“МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨӨЦ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОВ
МИАТ ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо болон БНХАУ-ын “TAM Group” групп компани хамтран 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Шанхай хотын JW Marriot зочид буудлын хурлын танхимд “Монгол Улсын аялал жуулчлалын нөөц боломжийг танилцуулах уулзалт” арга хэмжээ зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Ерөнхий консул Д.Болд урилгаар оролцож, нээлтийн үг хэлсэн бөгөөд тэрбээр талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, хүчин чармайлтын дүнд Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг эхлэхээр болсон явдалд талархаж буйгаа илэрхийлж, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхэд хятадын зүүн өмнөд бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, аяллын маршрут, МИАТ компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хятадын талаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 33 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгч оролцож, сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн МИАТ авиа компанийн Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэх бөгөөд хавар, зуны улирлын хуваарийн дагуу долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт нисэхээр төлөвлөж байгаа гэнэ.