ШАНХАЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ИДА ЭМНЭЛГИЙН НИЙГМИЙН САЙН ҮЙЛСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЛИ ЖИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Болд Шанхайн их сургуулийн харьяа Ида эмнэлгийн Нийгмийн сайн үйлсийн газрын захирал Ли Жи-г 3 дугаар сарын 18-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн төв болон Шанхай хотын Ида эмнэлэг хооронд 2024 оны 8 дугаар сард “Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНХАУ-ын Ида эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурснаас хойш манай улсын 7 эмч мэргэжилтэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд Ида эмнэлэгт дадлагажих сургалтад хамрагдаж, талууд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Энэ удаагийн уулзалтаар Ида эмнэлгийн Нийгмийн сайн үйлсийн газрын захирал Ли Жи-гийн зүгээс талуудын хамтын ажиллагаа үр дүнтэй өрнөж буйг танилцуулж, цаашид Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээ, оношилгооны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ерөнхий консул Д.Болдын зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, ялангуяа нарийн мэргэшил шаардлагатай манай улсад эмчлэх хүний нөөц, техник, технологийн боломжгүй өвчнийг анагаах чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлж буй Ида эмнэлгийн удирдлагад талархаж буйгаа хэлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа онцлон дурдав.
Уулзалтын үеэр талууд 2025 онд Ида эмнэлгийн удирдлагыг Монгол Улсад айлчлуулах, хамтарсан үзлэг, оношилгоо, мэс ажилбар хийх үйл ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.