images

ШАНХАЙ ХОТЫН “ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЦОГЦОЛБОР”-Т БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ” БАЙГУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-04-22

51

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Шанхай хотын “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн”-гийн стратегийн түнш байгууллага болох “Юньшанжунцай (Шанхай) бизнесийн үйлчилгээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Луо Ичин-г урьж уулзав. 

Уулзалтаар талууд Монгол, Хятадын соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг шууд харилцах таатай орчныг бүрдүүлэх хүрээнд Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолборт байнгын ажиллагаатай “Монгол Улсын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сурталчилгааны төв” байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолбор нь 1.5 сая метр квадрат талбай бүхий үзэсгэлэн, яармаг зохион байгуулах чиглэлээр дэлхийд томоохон бүтээн байгуулалт бөгөөд жил бүр “Хятадын олон улсын импортын экспо” тус цогцолборт болдог. Энэхүү цогцолборт жилд дунджаар 50 гаруй үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг гэнэ. Тус цогцолборт “Монгол Улсын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сурталчилгааны төв” байгуулснаар Монгол Улсын гадаад таатай орчныг бүрдүүлэх, олон улсад сурталчлан таниулах, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой.