images

БНХАУ-ЫН ЖЯНСҮ МУЖИЙН ҮШИ ХОТНОО “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ” БАЙГУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-04-14

32

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болдын урилгаар БНХАУ-ын Бээжин хотын Гадаад соёл, худалдааны нийгэмлэгийн Соёл, аялал жуулчлал, спорт, инновацын хорооны дарга Жан Шаолун тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус Ерөнхий консулын газарт зочилж, хоёр улсын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтаар тус Ерөнхий консулын газраас Бээжин хотын Гадаад соёл, худалдааны нийгэмлэгийн Соёл, аялал жуулчлал, спорт, инновацын хороо болон “Үши Юаньфэй мэдээ, мэдээллийн зөвлөх үйлчилгээ” ХХК-тай хамтран Жянсү мужийн Үши хотноо “Монгол Улсын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сурталчилгааны төв” байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Энэхүү төвийг байгуулснаар Монгол, Хятадын соёлын солилцоог гүнзгийрүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, талуудын бизнес эрхлэгчдийг шууд харилцах таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.