ШАНХАЙ ЯТАЙ САНХҮҮГИЙН ГРУПП КОМПАНИЙН ТУЗ-ЫН ДАРГA БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯАН ШҮНЬФА-ТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Болд Шанхай Ятай санхүүгийн групп компанийн ТУЗ-ын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Яан Шүньфа-гийн урилгаар 4 дүгээр сарын 10-ны өдөр тус групп компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг танилцуулж, манай улсын бүтээн байгуулалтад оролцох боломж, нөхцөлийн талаар санал солилцох уулзалт хийв.
Ерөнхий консул Д.Болдын зүгээс тус групп компанийг Монгол Улсад хөрөнгө оруулахад бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төсөл, 2025 оны “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг танилцуулж, хөрөнгө оруулж хамтарч ажиллахыг уриалав.
Тус групп компани нь Хөх мөрний сав газарт үйл ажиллагаа явуулдаг Шанхай хотод төвтэй Шанхайн шилдэг 500 аж ахуйн нэгжийн нэг бөгөөд барилга, үл хөдлөх, шинжлэх ухаан, технологийн парк, санхүү, хөрөнгө оруулалт, соёл, сурталчилгаа болон түргэн хоолны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж.
Шанхай Ятай санхүүгийн групп компанийн харьяа Фүдань технологийн паркид шинжлэх ухаан, эрчим хүч, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Хөфөнятай эрчим хүч технологийн компаниас зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж буй эрчим хүч, дулаан алдагдалд хэмнэлттэй материал болон цахилгаан станцын дулаан алдагдлаас эрчим хүч нөөцлөх шийдлийн танилцуулыг үзэж сонирхов.