images

ХЯТАД УЛС – АЗИ ТИВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМИССЫН ШАНХАЙ ХОТ ДАХЬ ХОРООНЫ ДАРГА ЖҮ ДИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-04-10

31

Ерөнхий консул Д.Болд Хятад улс – Ази тивийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэгийн Гадаад хөрөнгө оруулалтын комиссын Шанхай хот дахь хорооны дарга Жү Ди-г 4 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Уулзалт нөхөрсөг, ажил хэрэгч уур амьсгалд явагдсан бөгөөд талууд хоёр улсын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч, түүхэн цаг хугацаанд өргөжин хөгжиж буйд санал нэгдэж, өнгөрсөн жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулсны 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-ны түвшинд хүрсний 10 жил зэрэг олон тэмдэглэлт ой тохиосныг онцлов.

Хятад улс – Ази тивийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэгийн Гадаад хөрөнгө оруулалтын комиссын Шанхай хот дахь хорооны дарга Жү Ди-гийн зүгээс тус ЕКГ-аас зохион байгуулж буй хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн аливаа арга хэмжээг хурлын танхим, хүлээн авалтын заал, хэвлэлийн хурлын тоноглол зэрэг нөхцөл боломжоор хангаж, бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ерөнхий консул Д.Болдын зүгээс талууд хамтран хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дугуй ширээний ярилцлага, төсөл танилцуулах уулзалт зэрэг бодит арга хэмжээг Улаанбаатар, Шанхай хотуудад зохион байгуулах санал дэвшүүлж, энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Мөн Монгол Улсын Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төсөл болон энэхүү бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой хятадын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын холбогдох байгууллагуудтай шууд холбоо тогтоох боломж, нөхцөлийн талаар санал солилцов. Тэрчлэн Гадаад хөрөнгө оруулалтын комиссын Шанхай хот дахь хорооны дарга Жү Ди-г Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулга” уулзалт болон “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд хятадын томоохон ААН-үүдийн хамт оролцохыг урив.