images

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 76 ЖИЛИЙН ОЙГ ШАНХАЙ ХОТНОО ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-10-21

32

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус хотноо Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболд, Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Дорждэрэмийн Болд нар хэлсэн үгэндээ Монгол, Хятад хоёр улс нь 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 76 жилийн хугацаанд хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэснийг онцолж, цаашид талуудын харилцаа, хамтын ажиллагааны идэвхтэй байдлыг хадгалах, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшинд хүрсэн тохиролцоог бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж буйгаа онцлон тэмдэглэв.

Хүндэтгэлийн хүлээн авалтад урилгаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших, хятадын талаас Шанхай хотын Ардын засгийн газрын Нарийн бичгийн даргын орлогч Жү Минь, Шанхай хотын Ардын засгийн газрын Олон улсын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга Сү Линь, гадаад улсаас Шанхай хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон суугаа орны аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 240 гаруй зочид хүрэлцэн ирж оролцов.

Мөн хоёр улсын төрийн дууллыг дуучин Д.Билгүүн, Дахуо нар дуулж, хүлээн авалтыг эхлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн морин хуурч Г.Номин-Эрдэнэ, уртын дуучин Л.Туяа, төгөлдөр хуурч Э.Номин, ёочинчин Э.Пагма нар зочид төлөөлөгчдөд зориулж монгол, хятадын үндэсний болон сонгодог урлагийн тоглолтыг толилуулав.