ЖӨЖЯН МУЖИЙН ВЭНЬЖӨҮ ХОТОД ДЭЛХИЙН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2025 оны 10 дугаар сарын 24–25-нд Жөжян мужийн Вэньжөү хотод ажиллаж, тус хотын Худалдааг дэмжих хороо, Худалдааны танхим болон Гадаад харилцааны албаны удирдлагуудтай уулзалт хийв. Мөн тэрбээр 25-ны өдөр “Дэлхийн залуу эрдэмтдийн чуулга уулзалт 2025 (World Young Scientist Summit 2025)” арга хэмжээнд оролцлоо.

Тэрбээр 10 дугаар сарын 24-ний өдөр Вэньжөү хотын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Зөн Вэйтэй уулзаж, хоёр улсын орон нутгийн түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, инновац болон аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов. Зэн Вэй дарга Вэньжөү хотын эдийн засгийн өсөлт, экспортын үзүүлэлтийн талаар танилцуулж, ААН-үүд уул уурхай, мал аж ахуй, цахим худалдаа болон аялал жуулчлалын чиглэлээр Монголын зах зээлд нэвтрэх сонирхолтой байдаг талаар онцлов.

Түүнчлэн энэ үеэр Вэньжөү хотын Гадаад хэргийн албаны орлогч дарга Е Биньбинь, Худалдааны танхимын орлогч дарга Ван Шяодун, Олон улсын худалдааг дэмжих хорооны Намын хорооны гишүүн Жу Чяньжи нартай уулзав. Ван Шяодун дарга Вэньжөү хотоос Монгол Улстай хийж буй худалдаа 2024 оны эхний найман сарын байдлаар 100 сая юаньд хүрч, өмнөх оноос 88 хувиар өссөн талаар танилцуулж, мэдээлэл солилцох платформ байгуулж, талуудын бизнесийн орчны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх санал дэвшүүлэв. Ерөнхий консул Д.Болдын зүгээс талуудын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, Вэньжөү хотод хамтарсан бизнес форум зохион байгуулж, Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, орон нутаг, хот хооронд хамтын ажиллагааны бичиг баримт байгуулах, бизнесийн төлөөлөгчдийн харилцан айлчлал зохион байгуулах боломжтой талаар дурдаж, цаашдын хамтын ажиллагааг бодит хэрэгцээ, боломжид тулгуурлан өргөжүүлэхийн чухлыг онцлов. Талууд соёл, боловсрол, аялал жуулчлалын салбар дахь солилцоог нэмэгдүүлэх, бизнесийн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулахаар санал нэгдэв.
Улмаар Вэньжөү хотноо 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж буй "Дэлхийн залуу эрдэмтдийн чуулга уулзалт - 2025" арга хэмжээнд оролцож, шинжлэх ухаан, инновац, өндөр технологийн салбарын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар мэдээлэл сонсож, Монгол-Хятадын шинжлэх ухаан, инновацын салбарын залуу мэргэжилтнүүдийн солилцоог дэмжих боломжийг эрэлхийлэв.

Энэхүү арга хэмжээ нь “Дэлхийн эрдэмтдийг нэгтгэн, хамтдаа сайхан ирээдүйг бүтээе” сэдвийн дор, “Өөрчлөлтийг ахиулж, залуу эрдэмтэд ирээдүйг хамтдаа бүтээнэ” уриан дор зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд залуу эрдэмтэд инновац, экосистем, шинжлэх ухаан технологийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлж байна.



 
                    