images

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДЭД ДАРГА ЛИ ГУОЧИНТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-10-29

28

Ерөнхий консул Д.Болд Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дэд дарга Ли Гуочинтэй 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр уулзаж, энэ жилийн Хятадын 8 дахь удаагийн олон улсын импортын үзэсгэлэнд оролцох Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, манай улсын павильоныг тохижуулах барилгын ажлын явцтай танилцав.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд Монгол Улсын павильон тохижуулж, манай улсын 14 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй зохион байгуулах хорооны хамт олонд талархал илэрхийлж, ирэх онд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Шанхай хот хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 9 дэх удаагийн Олон улсын импортын үзэсгэлэнд хамтын ажиллагаатай хотуудын тусгай павильон тохижуулж оролцох боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. 

Энэ үеэр Ли Гуочин дарга Хятадын 8 дахь удаагийн Олон улсын импортын үзэсгэлэнд Монгол Улсын павильоны барилгын ажлын явц 70 хувьтай байгаа талаар танилцуулж, монголын талаас оролцож буй аж ахуйн нэгж, төлөөлөгчдөд шаардлагатай бүхий л туслалцаа, дэмжлэг үзүүлж буйгаа онцолж, энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд анх удаа 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах Олон улсын өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн, брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах “U-Fair”-д монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ерөнхий консул Д.Болд “U-Fair” арга хэмжээний талаарх мэдээллийг дотоодын холбогдох байгууллагад уламжилж, монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий санаачилгаар 2018 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулдаг Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд манай улсын Говь газар, Сайнтүмэн, Эрда ноолуур, Гоёл, Дэбэл Фэшн, Говь эрдэнэ, Пашмина, Хушхан, Ургана брэнд, Эм Ай Эм Глобал ХХК (АПУ ХК, Шар Доктор ХХК, Номадик брэнд) зэрэг аж ахуйн нэгж оролцохоор бэлтгэл ажил хангагдаад байна.