ШАНХАЙН МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас Шанхайн Монгол оюутны холбооны (ШМОХ) гишүүдтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.
ШМОХ нь 2006 онд байгуулагдаж, БНХАУ-ын Шанхай хотод суралцаж буй 780 гаруй монгол оюутныг нэгтгэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, суралцах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ соёл урлаг, спортын арга хэмжээ тогтмол зохион байгуулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой төрийн бус байгууллага болно.
