images

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН VIII ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-11-07

150

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын Шанхай хотноо 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан “Хятадын олон улсын VIII импортын үзэсгэлэн”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцов.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян арга хэмжээ нээж хэлсэн үгэндээ тус үзэсгэлэн нь Хятадын эдийн засгийг дэлхийтэй холбох чухал гүүр бөгөөд оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь Хятадын зах зээл эрчимтэй өргөжиж буйн илэрхийлэл болохыг онцлов. Тэрбээр олон улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд тэгш эрхтэй харилцан ашигтай байх, ёс суртахууныг эрхэмлэх, засаглалын шинэчлэлийг дэмжих гэсэн гурван үзэл баримтлалыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэлж, Хятад улс өндөр чанартай хөгжлийг дэмжиж, нээлттэй байдлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дэлхийд тогтвортой байдал, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буйгаа илэрхийлэв. Нээлтийн арга хэмжээнд Гүрж, Серби улсын Ерөнхий сайд нар болон бусад олон улсын байгууллагын тэргүүн үг хэлсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн нь нээлттэй хамтын ажиллагааг дэмжих, дэлхийн эдийн засагт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буйг санал нэгтэй дурдаж байлаа.

Элчин сайд Н.Энхболд үзэсгэлэнгийн нээлтэд оролцохын зэрэгцээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 11 дүгээр сард тус үзэсгэлэнд оролцох үеэр нээсэн “Монгол Улсын соёл, аялал жуулчлалын (Шанхай) сурталчилгааны нэгдүгээр төв”-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус төвийг ажиллуулж буй "Шанхай шинэ трэйдинг" ХХК-ийн захирал Б.Золцэнгэлтэй уулзах үеэр монголын бараа бүтээгдэхүүн, хятадын зах зээлд нэвтрэх боломжийн талаар ярилцав. Түүнчлэн тус төв байрлаж буй Шанхайн "Дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төв"-д зочлох үеэр Хятадын тэргүүлэх "Greenland" группийн Дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны өртөө групп компанийн Ерөнхий менежер Шюэ Инже, орлогч Ли Юньфэй нар тус төвийн үйл ажиллагааг танилцуулав.

Улмаар Монгол Улсын Үндэсний павильонтой танилцаж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дэд захирал Ч.Баттулга болон павильон тохижуулан оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий санаачилгаар 2018 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулдаг "Хятадын олон улсын импортын үзэсгэлэн"-д манай улсын Говь газар, Сайнтүмэн, Эрда ноолуур, Гоёл, Дэбэл Фэшн, Говь эрдэнэ, Пашмина, Хушхан, Ургана брэнд, Эм Ай Эм Глобал ХХК (АПУ ХК, Шар Доктор ХХК, Номадик брэнд) зэрэг аж ахуйн нэгж оролцож байна.

Мөн “Хятадын олон улсын VIII импортын үзэсгэлэн”-д оролцож буй Норинко Интернэйшнл компанийн павильонд зочилж, Монгол Улсад "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Дань Жюньтэй санал солилцов. Мөн “Consinee” группийн павильоныг үзэж сонирхсон бөгөөд тус группийн ТУЗ-ын дарга Шюэ Жинлигээс салбарын нөхцөл байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл сонсов.

Элчин сайд Н.Энхболд Шанхай хотод ажиллах үеэр тус хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг тэргүүтэй төлөөлөгчид дагалдан ажилласан болно.