images

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА БӨГӨӨД ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Б.БАТХИШИГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ШАНХАЙ ХОТОД АЖИЛЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-11-10

50

Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг тэргүүтэй төлөөлөгчид Хятадын 8 дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 11 дүгээр сарын 06-ны өдөр Шанхай хотын Зам, тээврийн их сургуультай танилцаж, тус сургуулийн Захирлын туслах, Хүний нөөцийн хэлтсийн дарга, профессор Ху Хао болон холбогдох төлөөлөгчидтэй “ухаалаг боомт”-ын асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр талууд “ухаалаг боомт” болон хил дамнасан тээврийн уялдаа холбоог сайжруулах, тээвэр, ложистикийн салбарт дижитал технологи нэвтрүүлэх, инновацын шийдэл ашиглан хил дамнасан урсгалыг хялбаршуулах зэрэг асуудлаар  санал солилцож, Профессор Ху Хао тус их сургуулийн судалгаа, инновацын төвүүдийн үйл ажиллагаа, “ухаалаг ложистикийн систем”, “автоматжуулсан тээврийн хяналтын платформ”-ын хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, монголын талтай хүний нөөцийн чадавх бэхжүүлэх болон хамтарсан туршилтын төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий консул Д.Болд Шанхай хот нь Хятадын дижитал эдийн засгийн төв бөгөөд логистик, ухаалаг боомтын шийдлээр тэргүүлэгч хотуудын нэг болохыг онцолж, тус сургуулийн туршлага, судалгааны орчныг Монголын холбогдох байгууллагуудтай холбох, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Б.Батхишиг дарга хил, боомтын дэд бүтцийн шинэчлэл, тээвэр-логистикийн процессийг автоматжуулах, дижитал шийдэлд шилжих чиглэлд Монгол Улсын Засгийн газар анхаарч байгааг онцлон тэмдэглэж, Шанхай хотын Зам, тээврийн их сургуультай сургалт, судалгаа, туршилтын болон инженерийн зураг төслийн хүрээнд хамтран ажиллах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Талууд цаашид хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршилтын төсөл (pilot project) хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх, хил, боомт, тээврийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар тохиролцов.