images

ХЯТАДЫН СПРИНГ ЭЙРЛАЙНС АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИЙН ШАНХАЙ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУРШИЛТЫН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛНЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-12-11

90

Ерөнхий консул Д.Болд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хятадын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг буюу "Спринг Эйрлайнс" (Spring Airlines) компанийн Зах зээлийн удирдлагын газрын захирал Шюй Жунчян тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Шанхай хотноо төвтэй тус компани нь 2026 оны 3 дугаар сарын 3-27-ны өдрүүдэд Мягмар, Баасан гарагт Шанхай-Улаанбаатар-Шанхай чиглэлд туршилтын шууд нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа танилцуулж, эдгээр өдрүүдийн өглөөний 08:00 цагт Шанхай хотоос хөөрч 12:00 цагт Улаанбаатар хотод газардах бөгөөд буцах нислэг мөн өдөртөө 13:30-16:45 цагт нисэх хуваарьтай байгаа аж.

Энэхүү шууд нислэг нээгдсэнээр Монгол Улсаас Шанхай хот руу чиглэсэн зорчигчдод эдийн засгийн хэмнэлттэй, тав тухтай, шууд нислэгийн сонголт нэгээр нэмэгдэх юм. Шанхай хот нь Хятадын эдийн засаг, соёл, инновацын төв төдийгүй Вайтан (The Bund), “Disneyland”, “Legoland” зэрэг аялал жуулчлалын төвүүдийг үзэх сонирхохоос гадна Хөх мөрний сав газрын аж үйлдвэрийн бүс Жянсү, Жөжян, Аньхуй мужууд руу зорчих таатай нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн монгол иргэд хятад руу бизнесийн зорилгоор зорчих, аялал жуулчлал, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд амарч зугаалах, хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд энэхүү шууд нислэг бодит түлхэц үзүүлэх болно.