ШАНХАЙН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН “CIIE U-FAIR” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Жил бүрийн 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо уламжлал ёсоор зохион байгуулдаг Хятадын олон улсын импортын экспо-гийн хүрээнд шилдэг бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Импортын экспогийн шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа (CIIE U-Fair) - 2025” арга хэмжээний нээлтийн арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шанхай хотын Улсын үзэсгэлэнгийн төвд болох үеэр Ерөнхий консул Д.Болд урилгаар оролцов.

CIIE U-Fair үзэсгэлэнд Хятадын олон улсын импортын экспо-д оролцсон дэлхийн 60 гаруй улс, бүс нутгийн 700 орчим аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, үндэсний онцлогтой болон уламжлалт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна. Өөрөөр хэлбэл тус үзэсгэлэн худалдааг “Хятадын олон улсын импортын экспо”-гийн дагалдах арга хэмжээ гэж ойлгож болно.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Хятадын олон улсын импортын экспогийн зохион байгуулах хорооны орлогч дарга бөгөөд Шанхайн Улсын үзэсгэлэнгийн төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ү Жөнпин, БНХАУ-ын Худалдааны яамны Шанхай дахь тусгай төлөөлөгч Е Жюнь, Шанхай хотод суугаа зарим дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монголын үндэсний павильон тохижуулж, дотоодын “Nomadique, Erda cashmere, Goy chandmani cashmere, Gobi gazar cashmere, Tugs undram salon LLC, Gobi erdene cashmere, Saintumen mongolian cashmere, Negun” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн өвөрмөц хийц, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг танилцуулж, эх орноо сурталчлан оролцож байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий консул Д.Болд Монголын үндэсний павильонд зочилж, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Д.Булганчимэг, Шанхай хот дахь өргөмжит төлөөлөгч Б.Золцэнгэл болон дээр дурдсан ноос ноолуур үйлдвэрлэгч ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон сэдвээр санал солилцов.