МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ARGUN КОМПАНИ ШАНХАЙ ХОТОД САЛБАР КОМПАНИ НЭЭСЭН БАЙНА
Монгол Улсын цахим технологийн салбарын тэргүүлэгч ARGUN компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Н.Батзориг тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий консул Д.Болдтой уулзав.

Уулзалтын үеэр ARGUN компани нь Хятад улс дахь төв оффисоо Шанхай хотноо албан ёсоор нээж буйгаа танилцуулж, тус хотод дэлхийн шилдэг 1,000 гаруй компанийн бүс нутгийн төв оффис байрладаг, эдийн засаг, өндөр технологи, инновацын зангилаа төдийгүй Хөх мөрний сав газрын уулзвар цэг тул цахим технологийн компаниуд олон улсын түвшинд өрсөлдөхөд хамгийн тохиромжтой хот хэмээн үзэж сонгосон гэдгээ онцолж байв.
Ерөнхий консул Д.Болд Монголын аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ дурдаж, ARGUN компанийн Шанхай дахь төв оффисын нээлтийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
2013 онд байгуулагдсан ARGUN нь Монгол Улсын анхны бөгөөд тэргүүлэгч "Immersive technology" буюу AR (Augmented Reality), MR (Mixed Reality) технологийн компани болно. Тус компани нь бодит болон дижитал ертөнцийг дэвшилтэт технологиор холбох замаар боловсрол, эрүүл мэнд, соёл, энтертайнмент, худалдаа зэрэг олон салбарт ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж байна. Өдгөө 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд АНУ, Хятад, Киргиз болон Төв Азийн орнуудад өөрийн салбарыг нээж, олон улсын виртуал эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа юм.
